ТОВЧ ДҮРСЛЭЛ

Энд хэвтрийн болон асаргаа шаардлагатай хүний хувцсыг өмсүүлэх болон тайлахад ямар арга хэрэглэх болон ямар хувцас тохиромжтой талаар өгүүлнэ. Мөн асруулагч болон асрагчид ачаалал өгөхгүйгээр өмсөж тайлахад туслана.

ТАНД ЯМАР ХЭРЭГТЭЙ ВЭ?

ЗААВАРЧИЛГАА ВИДЕОГ ГАРЫН АВЛАГЫН ДООД ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!

Хэвтрийн хүнийг болон ямарваа нэгэн хүнийг гэрээр асарч буй асран халамжлагч нь хувцас хэрхэн өмсүүлж болон тайлах, ямар төрлийн хувцас тохиромжтой зэргийг мэдсэнээр асруулагчид хувцас худалдан авах, өмсүүлэх явцад гарах асрагчийн ажлыг хөнгөвчлөх боломжтой юм. Жишээ нь: Хэвтрийн хүнийг заавал босгож суулгахгүйгээр хэвтрийн байдалд нь хувцаслах нь тухайн хүнийг өргөх шаардлага гарахгүй мөн ганцаараа хувцаслаж, хүч зарцуулахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх юм.

ХЭЗЭЭ ХЭРЭГЛЭХ ВЭ?

Хүн бүр өдөр тутам хувцаслаж, орой болгон тайлж унтлагын хувцас өмсөж байх шаардлагатай.  Хэвтрийн гээд байнга л унтлагын хувцастай орондоо байх нь буруу юм. Байнга орондоо нэг хувцастайгаа байх нь тухайн асруулж буй хүнийг нийгмийн амьдралаас шууд тусгаарлаж байгаа бөгөөд тэр хүний өөртөө итгэх итгэл, өдөр цагийн баримжаа, амьдралаас авах мэдрэмж өөрөөр хэлбэл тэр хүний “Би”-г байхгүй болгоно гэсэн үг юм. Өглөө болоод асруулагчийн дуртай хувцсыг нь өмсгөх нь тухайн хүнд дараах ойлголтыг төрүүлдэг. Жишээ нь:
– Шинэ өдөр эхэлсэн байна, өглөө болсон байна  гэж цагийн баримжааг мэдрүүлнэ.
– Хувцаслах явцад асруулагчийг хөдөлгөх нь хэвтрийн хүний цусны эргэлтийг сайжруулж нэг байрлалд удаан хэвтэж, хэсэг газрын даралт үүсэхээс сэргийлнэ.
– Өөрийнхөө дуртай хувцсыг өмсөх нь тухайн хүнд өөртөө итгэх итгэлийг бий болгоно.
– Мөн асруулагчийг хувцаслаж бэлэн болгосноор тухайн хүнд гадаа гарах, салхинд явах хүсэл төрүүлж, гадаа суулгах буюу тухайн хүнийг зөөвөрлөхөд бэлэн болно гэсэн үг.
Хэвтэрт удаан байдаг болон асруулдаг хүмүүсийг хувцалсны дараа тухайн хүмүүсийн амьдралын идэвхи тодорхой хэмжээгээр нэмэгддэг байна.

ЯМАР БЭЛТГЭЛ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Хувцас өмсгөх,  тайлахын өмнө дараа нь өмсөх хувцсыг бэлдэж тавих нь чухал.
– Асарч буй хүн өөрийн гар хүрэх газар солих хувцсыг байрлуулж тавина.
– Хувцас байрлуулж тавихдаа эхэлж өмсөх хувцсыг дээд талаас нь байрлуулна.
– Байрлуулахаас өмнө хувцсыг сонгох шаардлагатай. Хувцас сонгохдоо асруулагчийн саналыг харгалзан үзнэ (Хэрэв асруулж буй хүн өөрөө хувцсаа сонгох боломжтой бол). Хэрэв асруулж буй хүн хувцсаа сонгох чадваргүй бол асрагч өөрөө хувцсыг сонгож өгнө. Сонгохдоо тухайн өдрийн цаг агаарын байдал, тухайн өдөрт хийх үүргийн дагуу сонголтоо хийнэ. Жишээ нь: Зуны өглөө 8 цагт хувцаслаад 10 цагт  гадагшаа салхинд гарна гэж төлөвлөсөн бол өглөө сэрүүхэн байдаг тул гадуур хувцас өмсгөөд гадаа дулаан болох үед гадуур хувцсыг нь гадаа тайлахад боломжтой задгай энгэртэй цамц өмсгөх гэх мэт.
– Гутлыг хамгийн сүүлд өмсүүлнэ. Аль болох наалддаг туузтай эсвэл цахилгаан товчтой бүрэн онгойдог гутал тохиромжтой байдаг. Хэвтрийн болон настай хүмүүст зориулсан тусгай гутал байдаг ба түүнийг зурагт үзүүлэв.

ЯАЖ ХИЙХ ВЭ?

Хувцас өмсүүлэх болон тайлах нь асруулж байгаа хүний өвчнөөс шалтгаална.
– Асруулагч  хэрвээ эрүүл ухаантай хүн бол хувцас өмсөх тайлахад өөрөө хамтраад, оролцоод байх боломжтой юм.
– Нэг тал нь саажилттай хүмүүсийн хувьд хувцас өмсгөж тайлахад нэг дүрэм үйлчилдэг.
1. Хувцас өмсгөхдөө саажсан талаас нь эхэлж өмсгөнө.
2. Хувцас тайлахдаа эрүүл талаас нь эхэлж тайлна.
– Саажилттай хүнд хувцас өмсгөж тайлахад дараах хүндрэлүүд учирдаг. Жишээ нь: Цус харвасны дараа тархин дахь хөдөлгөөн удирддаг мэдрэлийн эсүүдийн ажиллагаа муудаж хөдөлгөөний дараалал алдагдах, хувцасны утга учрыг ойлгохгүй байх, юу юунд зориулагдсан гэдгийг ойлгохгүй байх зэрэг болно. Саажилттай хүнийг хувцаслах үед цусны эргэлт нь сайжирдаг бөгөөд тухайн хүний хувьд тодорхой дасгал болж байдаг.
– Хэвтрийн хүний дээд хэсгийн хувцсыг тайлахдаа эхлээд жаахан өндийлгөж байгаад нурууны хэсгийг хүзүү хүртэл татна.
– Дараа нь толгойг давуулж цамцыг тайлна.
– Хоёр гарын хэсгийг хамгийн сүүлд тайлна.
– Цамцыг өмсүүлэхдээ яг эсрэгээр нь хоёр гарыг түрүүлж өмсүүлээд, толгойнд өмсүүлээд дараа нь нурууны хэсгийг доош нь татаад, урд хэсгийг татаж буулгана.
– Дээд хэсгийн хувцсыг өмсүүлэхдээ болж өгвөл асруулагчийг орон дээр суулгаж байгаад өмсүүлвэл тохиромжтой бөгөөд боломжгүй бол хэвтэж байхад нь өмсүүлээд нурууны хэсгийг доош нь татах эсвэл дээш болгохдоо хажуу талаар нь хэвтүүлж байгаад хийвэл тохиромжтой.

КИНЕСТЕТИК АРГА ашиглана
– Асруулагчийг хажуу тийш харуулан хэвтүүлэх болон орон дээр нааш цааш болгоход Кинестетик аргыг хэрэглэдэг.
– Кинестетик гэдэг нь асруулагч асрагч хоёрын  аль алины биенд ачаалал өгөхгүйгээр хүний биеийн нугалрах хөдөлгөөний эрчийг дагуулж хийх арга юм. Жишээ нь: Хажуу тийш харуулж хэвтүүлэхийн тулж эргүүлэх зүгийн эсрэг хөлийг нугалаад таазны хэсэг нурууны хэсгээс дэмнэж түлхэнэ. Баруун тийш харуулж хэвтүүлэх болбол зүүн хөлийг өвдгөөр нь нугалаад зүүн таазны хэсэг болон зүүн мөрний доороос түлхэж баруун тийш нь харуулна гэсэн үг.
– Өмд буюу биеийн доод хэсгийг хувцаслахдаа өмдний шуумгийг бүтэн гартаа углаад дараа нь асруулагчийн хөлийн өлмийг өргөөд өмдний шуумгийг бүгдийг өмсгөж өвдөг хүртэл татна. Дараа нөгөө хөлөнд яг адилхан давтана. Дараа нь өмдийг гуяны хэсэг хүртэл татаад Кинестетик аргаа ашиглан эхлээд нэг тал руу нь хазайлган тэр хэсгийн өмдийг тааз давуулан татна. Дараа нь нөгөө тийш нь харуулан адилхан давтана. Ингээд өмд өмссөны дараа цахилгаан товчийг товчилно эсвэл бүсийг түгжинэ.

ТЭВЧЭЭР чухал
Асруулж буй хүнийг хувцаслах явцдаа тухайн хүн өөрөө тодорхой хэмжээгээр чаддаг зүйлдээ туслах ёстой бөгөөд энэ нь тухайн хүний тархины удирдах чадварыг дэмжих, гар хөлийн хөдөлгөөнийг дэмжих чухал үүрэгтэй юм. Жишээ нь: Асруулагч удаан байсан ч хамаагүй цамцаа өөрөө өмсөж чадаж байвал тэр чадварыг нь алдуулахгүйгээр өөрөө өмсөхийг нь дэмжинэ гэсэн үг. Хэрэв асарч буй хүн бүх хувцсыг нь тогтмол өмсгөж өгөөд байвал тэр хүний юмыг таних чадвар нь алдагдаж улам л асруулагчаас хараат болох болно.
– Хагас саажилттай хүнийг хувцаслахдаа аль болох суулгаж байгаад хувцаслах хэрэгтэй. Тухайн асруулагч сууж чаддаг бол мөн багахан хугацаанд зогсож чаддаг бол заавал суулгаж хувцаслах хэрэгтэй.
– Суулгаж хувцаслах тохиолдолд суух сандал нь бат бөх, түшлэгтэй бас бариултай байх хэрэгтэй. Эсвэл тэргэнцэр дээр суулгаж хувцаслаж байгаа бол тормослосон байна.
– Асруулагчийг босгож өмдийг дээш татах тохиолдолд заавал гутал өмсгөсний дараа зогсооно. Оймстой хэзээ ч босгохгүй. Оймс нь халтирах, гулсаж гэмтэх болон хөлөн дээр нь гишгэсэн тохиолдолд бэртэх аюултай.
– Саажилттай хүнийг хувцаслахад аль болох саажаагүй талын хувцсыг өөрөөр нь өмсүүлэх хэрэгтэй. Мөн хувцсаа засах дээш, доош татах зэрэг үйлдлийг өөрөөр нь хийлгүүлэх нь маш чухал юм.

ЗӨВЛӨМЖ

Хувцас сонгох тал дээр дараах зүйлсийг санал болгож байна.
– Асруулагчийн хувцасны загвар сонголтыг харгалзан үзэж хувцсыг сонгоно. Жишээ нь: 70 настай насаараа дээл өмссөн малчин хүнийг асрагч нь өдөр тутамд хувцаслахдаа костюм өмсгөвөл тэр хүний бие тийм хувцаслалтанд дасаагүй байх учир тухайн асруулагч өөрийн гэсэн дасан зохицол өөртөө итгэх итгэл байхгүй болох юм. Насаараа багш хийсэн платье өмсөөд дассан хүнд биед өмсөхөд хялбар гээд биеийн тамирын өмд өмсгөвөл тэр хүн өөртөө итгэлтэй байдал нь ямар болох бол гэдэг дээр анхаарч үзэх ёстой. Тухайн хүнээс өөрийн хүсэлтийг нь харгалзан үзэж хувцас сонгох
– Аль болох хөвөн даавуун хувцас сонгох. Хөвөн даавуу нь агаар чийгийг нэвтрүүлэх болон биед наалдах наалдац, арьсанд хүрэлцэхэд биед илүү тохиромжтой байдаг. Ялангуяа унтлагын хувцас, дотуур хувцас, оймс дээр илүү анхаарах шаардлагатай.
– Асруулагч өөрөө хувцсаа сонгох чадваргүй бол урьд нь ямархуу төрлийн хувцас өмсөж байсныг нь харгалзан үзэж сонгоно.
– Хүүхдийн хувцсыг хөвөн даавуу биед эвтэйхэн, чийг татахгүй байхаар сонгоно. Мөн хүүхдийн нас, хүйсний онцлогт тохируулан сонгоно. Жишээ нь: Энгэр дээрээ том хулдаасан зурагтай даавуун цамц сонголоо гэж бодье. Харахад гоё боловч цээжний хэсэгтээ чийг татаж хөлөргөөд салхи авах нөхцөл бүрдэж болно.
– Дээгүүр өмсдөг хувцас сонгохдоо аль болох задгай энгэртэй, товчтой, цахилгаантай хувцас сонгоно.
– Доогуур өмсдөг хувцас бол дээд хэсэгтээ резинтэй эсвэл цахилгаантай байхаар сонгоно.
– Оймс сонгохдоо хөвөн даавуун, дээд хэсэгтээ манжаатаггүй байвал зүгээр. Цус боогдохоос сэргийлнэ.
– Цаг агаарын байдлаас шалтгаалж хувцсыг сонгоно.
– Асруулагчийн өмсдөг размераас нэг размер том хувцас сонговол өмсүүлж тайлахад тохиромжтой байдаг. Эсвэл сунамтгай материалтай бол яг таарсан размер байж болно.

ХОРИГЛОХ ЗҮЙЛС

Хувцас сонгохдоо галд шатамхай материалаар хийсэн жишээлбэл синтетик хувцас сонгохыг хориглоно. Синтетик зүйл анхаарамжгүйгээс болж шатвал маш хурдан хугацаанд хайлан арьсанд наалдан, арьсанд өндөр түлэгдэл өгдөг сул талтай.   Хүзүүний хэсэгтэй хэт их уяатай хувцас сонгох нь хоолой боогдуулах эрсдэлтэй байдаг. Хэт бариу хувцас сонгох нь тохиромжгүй. Будаг гардаг, хэт тод өнгөтэй хувцас, ширүүн бөөстдөг, хог гардаг материалтай хувцас сонгохгүй байх. Хэт бариу, чийг татдаг кет гэх мэт гутал сонгохгүй байх.

НЭМЭЛТ МЭДЭЭ

ЗААВАРЧИЛГАА ВИДЕО

© Энэхүү оюуны өмчийн бүтээлийг аливаа хэлбэрээр хуулбарлан олшруулахыг хориглож байна.

Та тус нийтлэлийг үнэлнэ үү?

Одон дарж үнэлгээ өгнө үү!

Нийт үнэлгээ 4.4 / 5. Үнэлгээ өгсөн тоо: 14

Үнэлгээ байхгүй байна! Та анхны хүн байж яагаад болохгүй гэж.